Өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа хамгийн хүнд асуудал бол ДЭЛХИЙН ДУЛААРАЛ юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажинг хүн төрөлхтөн ямар нэг хэлбэрээр даван туулж гарч чадна.
Харин олон зуун мянга, олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдвал, эргүүлж авах боломжгүй байдалд орж болох юм.
Дэлхийн дулаарал улам хурдасч байгаа нь АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зволлийн 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүллэлээс тод харагдаж байна. Өгүүлэлдээ “2012 оны зуны сүүл гэхэд Хойд мөсөн далай бараг мөсгүй болох магадлалтай” гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Ийм байгаль экологийн огцом өөрчлөлт урьд өмнө гарч байгаагүй1.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ЮУНААС БОЛЖ БАЙНА?
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны 2007 онд нийтлэн гаргасан үнэлгээний 4 дэх тайланд “XX зууны дунд үеэс хойш дэлхийн дундаж температур өссөн гол шалтгаан бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн агууламжийн ихсэлтээс шалтгаалсан нь маш өндөр магадлалтай байна” гэж цохон тэмдэглэсэн2.
Дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүлэмжийн хийнүүд нь нүүрсхүчлийн хий, метан, азотын дутуу исэл, фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд юм.
Нүүрсхүчлийн хий CO2 нийт хүлэмжийн хийн 76,7%-ийг,
Намгийн хий буюу метан CH4 14,35%-ийг
Азотын дутуу исэл N2O 7.9%-ийг
Фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд (фтор, хлор болон бром) 1.1%-ийг тус тус эзэлж байна2.
Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж өөрчлөгдөх гол 2 хүчин зүйл бол
1. Хүлэмжийн хийн ялгаруулалтийн хэмжээ,
2. Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжээ юм.
Хүлэмжийн хийн ялгаруулалтын
25,9% нь Эрчим хүчний салбар, цахилгаан станцуудаас,
19,4% нь Аж үйлдвэрийн салбараас,
17,4 % нь Ой модны салбар буюу ой мод устгаж байгаатай холбоотой,
13,5 % нь Хөдөө аж ахуй салбараас,
13,1 % нь Тээврийн салбараас,
7,9 % нь Барилгын салбараас,
2,8 % нь Хог хаягдал, цэвэрлэх байгууламжаас тус тус гарч байна2.
Агаар мандалд байгаа хүлэмжийн хийг шингээгч нь ой мод, өвс ургамал, хөрс, далайн ус юм3.
Английн эрдэмтэн Д.Риай-гийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байна.
Далайн ус нь жилдээ 90 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээж, 88 тэрбум тонн нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэхүү зөрүү болох 2 тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаар мандлаас өөртөө шингээж байна гэсэн үг. Далайн усанд агуулагдаж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээ 38 триллион тонн юм.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-аас 2004 оны хооронд 70%-иар нэмэгдсэн байна. Үүнээс СО2-ийн ялгаралт 80%-иар нэмэгдсэн байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай холбоотой юм2.
Дэлхийн дулаарлыг агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаагаас, цас мөс өргөн хүрээтэй хайлж байгаагаас, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаагаас тод харж болно. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74°C аар, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94°C аар тус тус нэмэгдсэн байна.
Дэлхийн далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 mm ээр нэмэгдэх болсон.
Дэлхийн цас, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд 2,7%, зундаа 7,4% багасаж байна.
Хэт халалт, ган гачиг болох нь ихэссэн ба түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун 10 он сүүлийн 14 жилд тэмдэглэгдсэн байна4.
Ойн түймрийн тоо нэмэгдэж, хамрах газрын хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой агаарт хүлэмжийн хий их хэмжээгээр гарч, хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ багасч байна. Энэ нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байгаа хүчин зүйлийн нэг юм.
Далайн шуурга, үер усны аюул нэмэгдэж, эдийн засаг, хүний амьдралд учруулах хохирол улам бүр нэмэгдсээр байна. Жишээ нь 2005 онд АНУ-д болсон “Катрина” далайн хар салхиний улмаас 1836 хүн амь үрэгдэж тус улсын эдийн засагт 81,2 тэр бум ам.долларын хохирол гарсан байна5.
2008 оны 1 сарын 23 нд болсон Давосын Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтны нээлтэд ноён Р.Пачаури-гийн хэлснээр дэлхийн эдийн засаг 1960 аад оны үед байгалийн гамшгаас болж 75,5 тэр бум ам.долларын хохирол амсдаг байсан бол энэ тоо 1990 ээд оны үед 659,9 тэр бум ам.доллар болтлоо өссөн байна. 1980-2004 оны хооронд дэлхийн эдийн засагт цаг агаарын үзэгдлээс болж 1,4 триллион ам.долларын хохирол гарсан байна.
ШИЙДВЭРЛЭХ ЯМАР АРГА ЗАМУУД БАЙНА?
Өнөөдөр дэлхийн улс орнууд дэлхийн дулаарал тулгамдсан асуудал мөн гэдгийг ойлгож Киотогийн протоколыг дэмжин ажиллаж, өөрийн орны хүлэмжийн хийг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашиглах техник, технологийг боловсронгуй болгох, эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, ой хамгаалах, ойжуулах гэх ажлуудыг гүйцэтгэж байна. Гэсэн хэдийч дэлхийн дулаарал улам хурдацтай өрнөсөөр эргэлт буцалтгүй цэгтээ тун ойрхон ирээд байна. Бид хугацаа их алдаж байна.
Дэлхийн дулаарлын шалтгааныг судлаад үзэхэд хүн төрөлхтөнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр Дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд зогсоох боломж байна.
Энэ нь МАХНЫ ХЭРЭГЛЭЭГ ЭРС БАГАСГАХ
ЯАГААД???
Махны хэт хэрэглээ нь дараах байдлаар дэлхийн дулааралд нөлөөлж байна.
1 дүгээрт: Мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байна. Жишээ нь Амазоны ширэнгэн ойн 70%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан. Өнөөдөр 1 минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна6.
Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдсэн байна7.
Асуудал бол бид ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагчаа устгаад зогсоогүй, энэхүү модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Газрын хөрсөнд 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байдаг тухай дээр дурьдсан. Ой мод, ногоон бүрхэвчийг устгасан тохиолдолд энэхүү нүүрстөрөгч хүлэмжийн хий болон агаар мандалд гарч ирдэг.
Устсан ойн талбайгаас гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн 17,3 хувьтай тэнцэх хүлэмжийн хийг ялгаруулж байгаа ба энэ нь дэлхийн нийт тээврийн хэрэгслээс (жишээ нь онгоц, галт тэрэг, машин, усан онгоц гэх мэт) гарч байгаа хүлэмжийн хийнээс 4,3 хувиар илүү байна. Өөрөөр хэлбэл энэхүү 17,3 хувь нь махны үйлдвэрлэлтэй холбоотой.
2 дугаарт: Мал аж ахуйн салбар өөрөө 5 том хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг юм.
ХАА-н салбараас нийт хүлэмжийн хийн 13,5 % ялгардаг ба үүний 80% нь мал аж ахуйгаас гардаг байна. Мөн нийт метаны 37%, нийт азотын дутуу ислийн 65% нь мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгардаг байна2. Махны үйлдвэрлэл багасвал, гарах хүлэмжийн хий багасна.
3 дугаарт:
Дэлхийн хуурай газрын 30%, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70% мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээн хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна. Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл юм. Мал аж ахуйтай холбоотой цөлжилтийн улмаас жилд 100 сая тонн нүүрсхүчлийн хий ялгарч байна.
4 дүгээрт:
Махны хэрэглээтэй холбоотой тээврийн зардал, эрчим хүчний хэрэглээ өндөр байна.
2007 онд гэхэд дэлхийн хэмжээнд 275 сая тонн мах үйлдвэрлэж, хэрэглэсэн ба 2050 он гэхэд махны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх хандлагатай байна8.
275 сая тонн махыг хөлдөөж хэрэглэгчид хүргэхэд зарцуулагдах эрчим хүч, тээврийн зардал асар өндөр гарна. Махны хэрэглээ эрс багасвал Австрали улсын хонины мах, Аргентин, Бразил улсын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх шаардлага байхгүй болно.
275 сая тонн махыг боловсруулах, чанахад их хэмжээний цахилгаан шаардагдна. Мөн төдий хэмжээний хүлэмжийн хий ялгарна.
Махтай хоол хийхэд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийснээс 16 дахин их эрчим хүч зарцуулагддаг. Энэ хэмжээний эрчим хүч хэмнэгдэнэ.
1 кг мах үйлдвэрлэхэд гарах хүлэмжийн хийн хэмжээ, европийн дунд оврын суудлын машинаар 250 км явахад ялгарах хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцүү байна гэсэн судалгаа гарсан.
Түүнээс гадна хүн өөрийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнхи хувийг мах үйлдвэрлэлд зориулж байна.
1. Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг ашигладаг.
2. Дэлхийн үр тарианы 36 хүртэл хувийг,
3. Буурцагт ургамлын 74 хүртэл хувийг малын тэжээлд зарцуулдаг9.
Махны хэт хэрэглээ байгаль орчинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Жишээ нь мах их идсэнээс болж хүн зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт олон өвчнөөр өвчилж байна. Олон хүн өвчний улмаас нас барах, мөн эмчилгээнд дэлхийн хэмжээнд олон тэр бум ам.доллар зарцуулж байна9.
Энэ бүгдээс юу харагдаж байна вэ?
Хүн төрөлхтөн махны хэрэглээг эрс багасгаснаар дэлхийн дулаарлыг энгийн аргаар цаг алдалгүй зогсоох боломжтойгоос гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах боломжтой болж байна.
Монголчууд бидэнд ямар боломж байна?
Монгол орон хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийн бусад оронтой харьцуулахад бага боловч, дэлхийн дулаарлын нөлөө Монгол орныг тойрохгүй.
Монголчууд бид дэлхийн дулаарлыг зогсооход хувь нэмрээ оруулахын тулд дараах зүйлийг хийх хэрэгтэй байна.
1. Монголын уламжлалт ёс заншлыг сэргээх: Монгол хүн байгаль дэлхийгээ шүтэж, буян хишгийг нь хүртэж, уул ус, гол мөрөн, хөрсөө бохирдуулах, ой мод сүйтгэхийг цээрлэдэг байсан. Зах зээлд орсоноос хойш эд мөнгөний хойноос хөөцөлдөж байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж, материаллаг хэрэглээ, идэх, уухаа эрхэмлэдэг болсон байна. Энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байна.
2. Махны хэрэглээг эрс багасгах: Энэ бол Монгол хүний хувьд хүнд асуудал биш. Эртний монголчууд малаа хайрлаж, цагаан идээгээ дээдэлж, дулааны улиралд дан ганц цагаан идээгээрээ хооллодог, цагаан сарын баяраа цагаан идээ засаж тэмдэглэдэг байсан гэх мэт олон жишээ дурдаж болно.
3. Цагаан идээ, хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангадаг болох,
4. Ойжуулах, зүлэгжүүлэх ажилд хөрөнгө, хүн хүч төвлөрүүлж ажлын байр бий болгох,
5. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх,
6. Өдөр тутмын үрэлгэн хэрэглээг багасгах,
7. Өвөг дээдсийнхээ оюуны агуу өвийг судалж суралцах,
8. Хүн бүр байгаль хамгаалагч байх.
Эх дэлхийгээ аврахын тулд, эрүүл мэндээ хамгаалахын тулд, хойч үедээ амьдрах орчин үлдээхийн тулд МАХНЫ ХЭРЭГЛЭЭГ ЭРС БАГАСГАЦГААЯ.
Ашигласан материал:
1. CBS news of 13th december 2007: “New warning on arctic ice cap melting” http://www.cbsnews.com/stories/2007/12/13/tech/main3613698.shtml
2. IPCC fourth assessment report: climate change 2007
3. D.S.Reay, C.N. Hewitt, K.A. Smith, J.Grace (2007): Greenhouse Gas Sinks. – CAB International.
4. Al Gore 2006: Film “Inconvenient Truth”
5. Swenson, Dan D; Marshall, Bob (May 14, 2005). "Flash Flood: Hurricane Katrina's Inundation of New Orleans, August 29, 2005", Times-Picayune
6. R.Pachauri 2008: “Global Warning: The impact of meat production and consumption on climate change”, London
4 comments:
mash heregtei medeelel baina bayrlalaa
nice nice thank you
nice nice thank you
nice nice thank you
Post a Comment